Сонголт хийх цаг
Сонголт / богино өгүүллэг /
Намайг Баяраа гэдэг. Би өөрийн амьдралд тохиолдсон нэгэн түүхийг та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Анх оюутан болоод их догдолж байж билээ. Тэр үе сайхан байж дээ олон ч сайхан найз нөхөдтэй боллоо. Аль болох л шинэ содон юмнуудад тэмүүлсэн цаг үе байсан сан. Тэр чигээрээ л миний өмнө цоо шинэ амьдрал нээгдээд явчихсан юм. Шоу цэнгээн хийнэ. Хичээлээ тасална. Гадуур найз нартайгаа хонуутаар явна. Аав ээжээсээ худлаа хэлж мөнгө авна. Хаана л болохгүй бүтэхгүй зүйл байна түүнийг их хийх дуртай байсан юм. Ер нь бол арван жилд байхдаа огт үзээгүй олон зүйлээ оюутны ширээний ард суугаад үзсэн гэж хэлж болно. Би ч гэлтгүй ихэнх хүүхдүүд л тэгдэг байх гэж бодож байна. Жинхэнэ эрх чөлөө гэдгийг мэдэрч байгаа ухаантай юм. Тэр нэг орой найзуудтайгаа шоу хийж яваад хоёр салшгүй сайн найзуудтайгаа танилцсан юм. Тэднийг маань Тамка, Ари гэдэг бөгөөд тэд хүн бүхэнтэй их найрсан хандлагатай ёстой нэг супер залуус байлаа. Их хурдан найзууд болцгоосон доо бид гурав. Тамка бол их юм боддог, жаахан царай муутай, шар шүдтэй бага зэрэг ханиалгаж ярьдаг, цэвэрхэн цагаан царай дээрээ олон саарал сэвхтэй, намхан туранхай залуу. Харин Ари бол шал ондоо хурц шийдэмгий зантай, цэв цэвэрхэн царайтай, юу ч бодолгүй шийдсэнээ л хийдэг, зоримог бүдүүн залуу юм. Бид гурав тэр цагаас хойш өдий хүртэл олон жил сайхан үерхсэн дээ. Миний аз жаргалтай, баяр баясгалантай хором мөч бүрд хамт байдагсан. Мөн уйтгар гунигтай хэцүү үед ч байнга хажууд байж намайг тайвшруулдаг сан. Би Тамкатайгаа бол нэлээн дотно илүү найз л даа. Намайг үргэлж дэмжиж баяр гунигийг минь хуваалцсан анд минь. Удалгүй би ч сургуулиа төгслөө. Дахиад л нэг шинэ амьдрал эхлэх нь тэр. Төгссөн мэргэжлээрээ нэг байгууллагад ажиллаж, авсан цалингаа аав, ээж найз нартаа бүгдэд нь хүртээлтэй зарцуулж, ганц бие амьдралын амтанд жинхэнэ бялуурч байсан юм. Нэгэн сайхан нартай өдөр заяаны ханьтайгаа зам дээр таарч түүндээ ухаангүй дурлаад, сэтгэлээ нээж ахиад л нэгэн шинэ амьдрал эхлэх нь тэр. Эхнэр маань миний найзуудад анхнаасаа их дургүй байж билээ. Тэд маань миний хурим дээр бүх найз нар, ангийнхан, аав, ээж, ажлынхантай минь хамт байж л байсан. Хэзээ ч намайг орхиогүй, миний хийсэн үйлдлийг шүүмжилж байгаагүй юм. Би ч гэр бүл боосноосоо хойш урьдын адил найзуудтайгаа уулздаг л байлаа. Гэхдээ эхнэрээ тэдэнд дургүй болохоор байнга ч уулзаад байж чаддаггүй болсон. Удалгүй бид хөөрхөн хүүтэй болж би гэдэг хүн найз нараа бараг л мартсан юм. Хааяа л нэг уулзана. Тэд маань ч яг л хэвээрээ өөрчлөгдсөн юмгүй. Намайг үргэлж л ойлгодог илүү их дэмждэг болсон доо. Эхнэр маань тэдэнд дургүй болохоор би Тамкатайгаа нууцаар уулзаж, Аритайгаа хааяа нэг хэлж ярьж байгаад баяр, наадам, тэмдэглэлт өдрүүдээр л уулздаг болдог юм байна. Ёстой амьдрал орвонгоороо эргэж байгаа юм шиг л санагдаж байж билээ. Найз нар маань намайг сайн зүйл дээр ч муу зүйл дээр ч дэмжиж чиний буруу гэж хэлдэггүй болохоор би тэдэндээ маш их хайртайг ч хэлэх үү. Маш их санахыг минь яана. Эхнэртэйгээ үүнээс болж их маргалддаг боллоо. Эхнэр маань намайг найз нараасаа сал гэж бүх л арга чаргаа барж байлаа. Хамт унтахгүй л гэнэ. Муу энергитэй усанд ор л гэнэ. Намайг өөрт нь хайргүй л гэнэ. Үр хүүхдээ боддоггүй л гэнэ. Ёстой толгойдоо орсноороо л намайг мөн найз нарыг маань муулна шүү дээ. Тэгээд нэг зүйл ойлгосны дараа би хоёр салаа замын уулзвар дээр ирээд зогсчихсон байгаагаа мэдэрсэн юм. Тиймээс л яг одоо амьдралдаа чухал сонголт хийх гээд байж байгаа минь энэ л дээ. Та ч бас над шиг байдалд орсон бол алийг нь сонгох байсан бэ гэж асуумаар байна. Нэгдүгээрт Тамка буюу миний сайн найз Тамхинаас болж нас барсан хvмvvсийн 38 хувь нь хавдраас, 34 хувь нь зvрх судасны өвчнөөс, 28 хувь нь амьсгалын эрхтэний өвчнөөс болсон байна. Өдөрт 40 ба тvvнээс дээш ширхэг тамхи татагчдын тал хувь нь 65 насалж чаддаггvй болох нь тогтоогдсон. Тамхинд хорт хавдар vvсгэдэг 40 гаруй төрлийн химийн бодис байдаг. Никотиноос гадна тамхины бохь, нүүрсхүчлийн исэл, утаанд нийтдээ 3400 хорт бодис агуулагддаг төдийгүй бүр цацраг идэвхт полоний ч байдаг. Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд 4 сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутад 6 хүн үхэж байна. Энэ тоо 2030 он гэхэд 2 дахин өсөж 10 сая хүрэх тооцоо байна. Дам тамхи далт бол хэлэх ч юм биш. Та гэртээ тамхи татдаг бол үр хүүхэд, хань ижлээ алах юм л хийж байна гэсэн үг шүү өөрөө сайн бодоод үзнэ биз. Хоёрдугаарт Ари буюу сайн найз Архинаас минь болж өөрийгөө болон өрөөлийг хөнөөж олон сайхан залуус маань нөгөө ертөнцөд морилсон доо. Гэмт хэрэг, авто замын осол, хүчин, хөлдөж үхэх байдал бүгд л архинаас болдог, гэр бүр салалт, үр хүүхдийн хүмүүжил энэ бүгд архинаас л болж доройтдог. Нэгэн баримт хэлчхэд 2010 онд Улсын хэмжээнд эхний дөрвөн сард 37.4-мянган хүн эрvvлжvvлэгдсэн бол он гарсаар 1609 хэрэг зөрчил гарсны дийлэнхийг согтуугаар үйлджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аанай л өссөн үзүүлэлт юм. ЗЦГ-т хоногт 30-40 согтуу жолооч саатуулагддаг агаад тэдний буруугаас болж он гарсаар 193 осол гарсан байна. Манай улсад албан ёсны зөвшөөрөлтэй 124 архины үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бол түүнийг зарж борлуулдаг 5024 дэлгүүр ажилладаг. Мөн монголчууд жилд 3156.8 тонн спирт, 5510 тонн архи, дарс үйлдвэрлэдэг гэсэн судалгаа бий. Гэхдээ гадаадаас орж ирдэг 10 сая литр согтууруулах ундааг тооцохгүйгээр шүү дээ. Энэ бүх хэрэглээ монгол хүнийг архинд донтоход хүргэж байгаа бөгөөд үүнийг дагаад ядуурал, гэмт хэрэг өссөөр байгаа юм. Эрүүл мэндэд нөлөөлөх тал дээр бол та надаар хэлүүлэлтгүй мэднэ биз дээ. Архи үнэхээр аймаар зүйлүүдийг хийж чаддаг араатан шүү дээ. За тэгэхээр одоо сонголт хийх л үлдлээ. Хоёр сайн найздаа баяртай гэж хэлэх үү? Амьдралдаа баяртай гэж хэлэх үү? Та байсан бол яах байсан бэ ?
Б. Батбаяр 2011 он